Монгол Улсын татварын эрх зүй

Монгол Улсын татварын эрх зүй.

Татварын эрх зүйн үүсэл хөгжил. Эртний Грек, Ром, Египтэд дундад зууны эхэн үед анхны татварын төрлүүд үүсэж улмаар 17, 18-р зууны үед баруун Европод татварын тогтолцоо, систем бүрэлдэж жинхэн хөгжлийнхөө замд орсон байна. Манай улсад МЭӨ 5-4-р зууны үед Хүннү аймгийн үед газар нутаг, мал хөрөнгийг төрд авч эхэлснээр татвар үүссэн гэж үздэг.

1206 онд Чингис хаан “Их засаг” хуулийг батлан гаргасан бөгөөд уг хуульд албан татварын тухай тусгай нэг бүлэг байсан боловч бичмэл эх нь бидэнд уламжлагдан ирээгүй байна. Монгол орон Манж Чин улсын дарлалд 200 орчим жил болохдоо Манжийн эзэн хааны хүнд албан татвар, гувчуурт нэрвэгдэж байсан билээ. Харин 1921 оны Ардын хувьсгал нь энэ бүх татварын дарамтнаас ард түмнээ салгаж, төрийн татварын шинэ бодлого явуулах болсон.

1922 онд Сангийн яамнаас Ардын Засгийн газар, Улсын түр цагийн хурлаас зөвшөөрч батлан гаргасан “Татвар хураах түр дүрэм”, 1923 онд “ Нутгийн захиргааны дүрэм”, 1927 онд “Ард олны хөрөнгө малаас албан татварыг нэгтгэн явуулах тухай дүрэм” , 1937 онд “ Мал аж ахуйн албан татварын тухай хууль” зэрэг нь албан татварын тогтолцоо бүрэлдэж бий болоход ихээхэн нөлөөлсөн байна. Социализмыг бүтээн байгуулах 1940-1990 оны үед татвар хөгжлийнхөө бууралтын үед орж татвар гэдэг үгийг хэрэглэхээс зайлсхийж байв. Татвар гэдэг үг нь зөвхөн хөрөнгөтөн нийгэмд байдаг зүйл мэт хандаж хэт туйлширч байжээ. 1990 оноос зах зээлийн эдийн засагт шилжсэнээс хойш татварын тогтолцоог өөрчлөх, төсвийг бүрдүүлэх шинэ зарчмыг бий болгож 1991 онд БНМАУ-ын албан татварын анхны хууль гарч улмаар 1993 онд УИХ-аар Татварын багц хууль /5 хууль / батлагдан гарсан нь татварын эрх зүйн шинэ орчин бий болох үндэс нь болж өгсөн юм.

Санхүүгийн эрх зүйн судлах зүйлийн хүрээнд татварын эрх зүй нь бие даасан дэд салбар болон хөгжиж байгаа билээ. МУ-ы Үндсэн хуулиар МУ-ын иргэний ёсчлон биелүүлбэл зохих үндсэн дөрвөн үүргийн нэг нь “ Хуулиар ногдуулсан албан татвар төлөх явдал” мөн гэжээ. ҮХ-ийн 17-1-3

Татварын эрх зүй гэдэг нь төрийн татварын тогтолцоо,татвар ногдуулах, хураах журам татварын хуулийн заалтыг зөрчвөл хүлээлгэх хариуцлагыг тогтоосон эрх зүйн хэм хэмжээний нийлбэр юм.

Татварын эрх зүйн зохицуулах зүйл нь төрийн эрх бүхий байгуулага, татвар төлөгч болон татварын орлогыг зохих төсөвт хурааж авахтай холбогдон үүссэн татварын харилцаа байна.

Татварын эрх зүйн зохицуулалтын арга нь татвар төлөгчдийн орлогоос төсвийг бүрдүүлэхийн тулд татварын эрх зүйн императив хэм хэмжээг хэрэглэдэг. Татварын эрх зүйн императив хэм хэмжээ нь татвар төлөгчдийг татварын хууль тогтоомжийн шаардлагыг чанд сахихыг үүрэг болгосон засаглан захирах зохицуулалтын аргаар илэрнэ.

Татварын эрх зүйн харилцаа нь татварын эрх зүйн хэм хэмжээгээр зохицуулагдаж байгаа ниигмийн харилцаа юм. Энэ нь юуны өмнө төрийн санхүү татварын байгууллага болон иргэд, хуулийн этгээдийн хооронд үүссэн бүх шатны төсөвт татвар заавал төлөхтэй холбогдсон нийгмийн харилцаа юм.

Татварын эрх зүйн харилцааны объект нь татвар төлөгчдийн орлого байх бөгөөд энэ нь:

- Мөнгөн |үйлдвэрлэл, бараа, бүтээгдэхүүн борлуулсан, ажил үйлчилгээний орлого

- Эд хөрөнгийн |байшин, газар, автомашин, г.м| гэсэн хоёр хэлбэрээр илэрдэг.

Татварын эрх зүйн харилцааны субъект нь татвар төлөгч- иргэн, хуулийн этгээд, төрийн эрх бүхий татварын байгууллагууд байна.Татвар аль ч нийгэмд төсвөөр дамжин төрийн үйл ажиллагааны бүх чиглэлийг санхүүжүүлэх үндсэн эх сурвалж болдог.

Татварын эрх зүйн зарчим. Татварын эрх зүйн зарчмуудыг

- Хууль зүйн

- Нийгэм эдийн засгийн

- Техникийн зарчмууд гэж ангилдаг.

Хууль зүйн зарчим нь татварыг гагцхүү хуулиар тогтоож, хуулиар хүчингүй болгодог.Уг зарчмыг ихэнх улсуудын Үндсэн хуулинд тодорхойлогдсон байдаг. Төр нь ийнхүү хуулийн хэлбэрээр татвар ногдуулалтыг шийдвэрлэсэнээр хуулийг үг дуугүй биелүүлэх хууль зүйн дэглэмийг тогтоодог байна. Татварын хуулийн өмнө иргэн бүр тэгш байна. Иргэнийг нас хүйс, гарал үүсэл, арьс өнгө, хэл, шашин шүтлэг, улс төрийн итгэл үнэмшлээр нь ялгаж хохирол учруулах буюу давуу эрх олгож болохгүй. Гэхдээ тодорхой татвар төлөгч буюу татварын зүйлд татварын хууль тогтоомжоор хөнгөлөлт үзүүлж байгааг энэ зарчмыг зөрчиж байна гэж үзэж болохгүй. Яагаад гэвэл энэ хөнгөлөлтийг хуулиар тогтоодог.

Нийгэм эдийн засгийн зарчим гэдэг нь шударгаар татвар ногдуулах зарчим юм. Амьдралын баталгаажих доод түвшний орлогыг татвараас чөлөөлж их орлогод илүү татвар ногдуулж энэ зарчмыг хангадаг байна.

Техникийн зарчим нь төсвийн эрх зүйн хэм хэмжээнээс уялдаатай юм. Эрх зүйн онолд эрх зүйн зарчмыг ерөнхий ба тусгай зарчим гэж ангилдаг.Татварын эрх зүй нь бүх салбар эрх зүйд хамаардаг хууль ёсны болон хуулийг буцаан хэрэглэхгүй байх зэрэг ерөнхий зарчмуудаас гадна санхүүгийн эрх зүйн салбарын татварын эрх зүйн дэд салбарын хувьд тусгай зарчмуудтай байна. Үүнд:

- Давхар татвар үл ногдуулах

- Татварын хөнгөлөлт үзүүлэх

- Бүх татвар төлөгчдөд адил шаардлага тавих

- Татвар төлөх үүрэг

- Олсон орлогоо ашиглах адил нөхцөл олгох

- Оршин суугаа газарт нь татвар ногдуулах

- Татвар төлөгч ба татварын байгууллагын эрх үүргийг тодорхойлох нэгдсэн хандлага байх

- Татвар төлөгч ба төрийн ашиг сонирхолыг тэгш хамгаалах зэрэг болно.

Татварын эрх зүйн эх сурвалжид Үндсэн хууль болон татварын эрх зүйн харилцааг зохицуулж буй хэм хэмжээ бүхий хуулиуд, эрх бүхий байгууллагаас гаргасан актууд, мөн эрдэмтэн судлаачдын бүтээл зэргээс бүрдэнэ. Тэдгээрээс голлох байр суурийг татварын хэм хэмжээ тогтоосон хууль болон хууль тогтоомжийн актууд эзэлдэг.

Татварын эрх зүйн үндсэн эх сурвалж болох хуулиудыг 3 үндсэн бүлэгт ангилж болно. Үүнд:

- Татварын хэм хэмжээ агуулсан санхүүгийн хуулиуд. Энд төсөв түүний гүйцэтгэлийг баталсан хуулиуд хамаардаг.Төсвийн болон санхүүгийн хуулиуд нь татварын хууль тогтоомжийн нэг эх сурвалж юм. Төсвийн тухай Монгол Улсын хууль 1992 он

- Татварын тусгай хуулиуд.1992 онд батлагдсан Татварын багц хуулиуд үүнд хамаарна. Татварын хуулиуд нь байнга өөрчлөгдөж, нэмэлт орж байдаг.- Татварын ерөнхий хууль 1992он, 2008 онд шинэчлэн найруулсан, Нэмэгдсэн өртгийн албан татварын хууль 1998 он, г.м

- Татварын эрх зүйн хэм хэмжээ агуулсан татварын бус хуулиуд. Үүнд Гаалийн болон Гаалийн тарифын тухай хууль, эрчим хүч, Боловсрол, Төрийн бус байгууллагын тухай г.м татварын хэм хэмжээ тогтоосон өөр салбарын хуулиуд хамаарна. Ийм хуулиуд ихэвчлэн татварын хөнгөлөлтүүдийн талаар заасан байдаг.

Татварын тогтолцоо,татвар, төлбөр, хураамж. Татварын тогтолцоо нь албан татвар, төлбөр, хураамжаас бүрдэнэ.

Албан татвар гэдэг нь хууль тогтоомжийн дагуу иргэн, ААН, байгууллагын орлого, эд хөрөнгө, бараа, ажил, үйлчилгээнд тодорхой хугацаанд тогтоосон хувь хэмжээгээр ногдуулж, хариу төлбөргүйгээр улс, орон нутгийн төсөвт оруулж байгаа мөнгөн хөрөнгийг хэлнэ.

Хураамж гэдэг нь хууль тогтоомжийн дагуу төрийн зохих байгууллагаас иргэн, ААН, байгууллагад үйлчилгээ үзүүлсэний төлөө тэднээс тухай бүр авч улс, орон нутгийн төсөвт оруулж байгаа мөнгөн хөрөнгийг хэлнэ.

Төлбөр гэдэг нь төрийн өмчийг ашиглуулсаны төлөө иргэн, ААН, байгууллагаас авч, улс орон нутгийн төсөв, тусгай зориулалтын санд төвлөрүүлж байгаа мөнгөн хөрөнгийг хэлнэ. Татвар, хураамж, төлбөрийн адил тал нь албадлагын шинжтэй байдаг.

Татварыг эх үүсвэрээр нь:

- Орлогын татвар /ААН, байгууллагын орлогын татвар,нийгмийн даатгалын шимтгэлийн татвар, хүн амын орлогын татвар/

- Хөрөнгийн татвар. Хөдлөх хөрөнгө /бууны албан татвар / үл хөдлөх хөрөнгийн татвар / орон сууцны татвар /

- Хэрэглээний татвар. /Нэмэгдсэн өртгийн албан татвар, гаалийн татвар, архи, тамхи, бензинд оногдуулж буй татвар /

Төсөвт төлөгдөх хэлбэрээр нь:

- Шууд татвар. Энэ нь орлого болон үр дүн бий болсон нөхцөлд орлогоос нь хамааруулж авдаг. /хүн амын орлогын, нийгмийн даатгалын, өв залгамжлал, бэлэглэл, ААН-ийн орлогын татвар /

- Шууд бус татвар. Энэ нь үр дүн гарахыг хүлээлгүйгээр борлуулалт үйлчилгээнээс авдаг. / Гаалийн, онцгой татвар, нэмэгдсэн өртгийн албан татвар /

Татварын ерөнхий хуульд зааснаар татвар нь :

- Улсын татвар / Энэ нь УИХ, ЗГ-аас хувь хэмжээг тогтоосон бөгөөд МУ-ын нутаг дэвсгэрт нийтлэг үйлчлэх татварыг хэлдэг.

- Орон нутгийн татвар гэж ангилдаг. Энэ нь аймаг нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас хувь хэмжээг тогтоож тухайн нутаг дэвсгэрт үйлчлэх татварыг хэлнэ.

Татварын албаны тогтолцоо. Татварын албаны тогтолцоог МУ-ын татварын ерөнхий хуулиар зааж өгсөн байдаг бөгөөд Засгийн газраас томилогдсон эрх бүхий албан тушаалтаны удирдсан ҮТА нь бүх шатны татварын албаны үйл ажиллагааг мэргэжил арга зүйн удирдлагаар хангадаг.

19 дүгээр зүйл. Үндэсний татварын албаны бүтэц


19.1.Үндэсний татварын алба нь татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, аймаг, нийслэл, дүүргийн татварын газар, хэлтэс, сумын татварын тасаг, татварын улсын байцаагчаас бүрдэнэ.

Татварын алба болон татварын улсын байцаагч нь үйл ажиллагаандаа

- Хууль дээдлэх

- Бусдын нөлөөнд үл автах

- Татвар төлөгчийн хууль ёсны эрх ашгийг хүндэтгэх

- Доод шатны байгууллага нь дээд шатны байгууллагадаа шууд захирагдах зарчмыг баримтлан ажиллана.

Татварын албаны үндсэн чиг үүрэг нь татварын хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих, татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, суртачлах, улс орон нутгийн төсвийг бүрдүүлэх явдал юм.

Татварын эрх зүйн зөрчил. Татварын эрх зүйн нэг онцлог нь өмчийг албадан авдаг, албадлагын шинж чанартай байдаг. Өмчлөгч нь өөрийн өмч орлогоо төрийн татвараас зайлсхийлгэх оролдлого байнга гарч байдаг. Татвар төлөхөөс зайлсхийсний улмаас дараах сөрөг үр дагавар үүсдэг байна.

- Орлого буурснаар төсвийн алдагдал үүснэ.

- Нэг субеъкт татвараа бүрэн төлөөгүйгээс бизнесийн харилцаанд субеъктууд тэгш бус байдалд орж зах зээлийн өрсөлдөөн алдагддаг.

- Нийгмийн шударга ёсны зарчим алдагдаж татвар төлөх үүргээ шударгаар биелүүлэгчдэд татварын дарамт үзүүлдэг.

Татварын зөрчил өсөх шалтгаан нь татварын эрх зүйн зөрчлийг илрүүлэх, зөрчил гаргагчдад хариуцлага хүлээлгэх нь нилээн төвөгтэй байдагтай холбоотой юм.

Татварын хяналт шалгалт. Татварын үр дүнтэй хяналт бол татвар төлөгчдөд их нөлөө үзүүлж татварын эрх зүйн зөрчлөөс хамгаалдаг.Татварын алба болон татварын байцаагч нь хуульд заасан бүрэн эрхийнхээ дагуу татвар ногдуулалт, төлөлтөд хяналт тавих, татвар хураах зэрэг үйл ажиллагааг явуулдаг. МУ-ын татварын ерөнхий хуулийн 28, 29-р зүйлд Татварын алба болон татварын байцаагчийн бүрэн эрхэд тодорхой заасан байдаг.

start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

1 сэтгэгдэл:

null
chimee (зочин)

okey

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


Мэдээллийг шуурхай түгээнэ

Мэдээллээр мэдлэг олгоно

Манай блогын нийт хандалт

Сүүлд нээгдсэн хуудаснууд

Таньд олдож буй бас нэгэн боломж