Хичээлийг онлайнаар : Ярилцлаганд хэрхэн бэлтгэх вэ?

Ярилцлаганд хэрхэн бэлтгэх вэ?

Та өөрийнхөө хүссэн ажилд орохоор анкет бөглөж CV-гээ явуулснаар ажлын ярилцлаганд дуудагдана гэдэг сайхан биш гэж үү? Ярилцлаганд дуудагдана гэдэг чинь бараг л ажилд орчихлоо гэсэн үгээс ялгаагүй. Яагаад гэвэл таны CV-н дээр таны бүхий л мэдээлэл байгаа. Та өөрийнхөө эзэмшсэн боловсрол, мэдлэг чадвар, ажлын туршлагуудаа нэгийг ч орхилгүй бичсэн. Өөрөөр хэлбэл, ажил олгогчид өөрийгөө бусдаас илүү гэдгээ илэрхийлэх хангалттай мэдээлэл явуулчихсан учраас ярилцлага нэрээр ажил олгогчтой уулзаад өөрийнхөө тухай эх хэлээрээ ярих шиг амар зүйл гэж хаа байна, тийм биш гэж үү?

Гэвч ТИЙМ БИШ. Ихэнх хүмүүс дээрх шиг буруу ойлголттой байдаг.

Мэдээж та ажлын ярилцлагын зорилгыг мэдэж байгаа нь гарцаагүй. Таныг илүү сайн судлах зорилготой. Гэхдээ яагаад таныг сайн судлах ёстой талаар танд дэлгэрэнгүй тайлбар өгье. Ажил олгогч таны анкет, CV-г уншиж судлаагүй биш судалсан. Таны өгсөн CV дээрх мэдээлэл таны өнгөрсөн үеийн мэдээллийг илүү дэлгэрэнгүй агуулдаг учраас таны хувийн онцлог, зан байдал, авъяас чадвар, ирээдүйд тухайн компанид хэр зэрэг баялаг бүтээж чадах оюуны нөөцтэй вэ гэдэг талаарх мэдээлэл агуулаагүй байдаг. Өөрөөр хэлбэл CV нь таны талаарх мэдээллийн зөвхөн цаасан дээр буулгаж, илэрхийлж болох нэг хэсгийг л агуулдаг болохоос таныг хэн бэ гэдгийг бүрэн тодорхой илэрхийлэх боломжгүй байдаг. Олимпийн тоглолтод оролцож байгаа тамирчдын үзүүлсэн амжилтыг цаасан дээр бичээд харьцуулах юм бол бие биенээсээ бараг л ялгарахгүй бүгд л тодорхой шалгуур даваад ороод ирчихсэн дэлхийн дээд зэргийн сайн тамирчид байдаг. Гэхдээ тэмцээний дараа бүгд олимпийн аварга болдоггүй тэдний дундаас хамгийн сайн нь л алтан медаль авдаг. Ажилд хүнийг сонгон шалгаруулж авах нь үүнтэй л адил. Анкетын болон ерөнхий мэдлэгийн төвшингийн сонгон шалгаруулалтын дараа шалгарсан хүмүүсийн Анкет, CV-г дахин судлаад үзэхэд бүгд л мэргэжлийн ур чадвар, ажлын туршлага өндөр хүмүүс байдаг. Зөвхөн энэ мэдээлэл дээр үндэслэн хүнийг ажилд авдаг бол олимпод оролцож байгаа бүх тамирчдад алтан медаль өгөх ёстой болно. Гэвч энэ нь боломжгүй учраас олимпод тухайн төрлийн спортын нэг ангилалд нэг л тамирчин аварга болдог шиг ажил олгогчид тухайн нэг ажлын байранд нэг л шилдэг хүнийг ажилтнаар авахаас өөр аргагүй. Иймээс шилдэгүүдийг улам цааш нь судалж хамгийн сайныг нь олж мэдэхийн тулд ажлын ярилцлагыг хийдэг. Ярилцлагын зорилго нь ажил олгогчийн хувьд ажил горилогчийн CV дээрх мэдээлэл үнэхээр үнэн эсэхийг магадлах, одоогийн байгаа ур чадвараас нь гадна тухайн хүнд нуугдмал авьяас, чадвар байгаа эсэхийг нь судлан тогтоодог. Мөн ажил горилогчид тухайн байгууллагаа судлах, өөрт нь энэ ажил таалагдаж байгаа эсэхээ тодруулах боломжтой. Ажлын ярилцлага нь танд CV дээрх мэдээллээ амьдруулах боломж олгодог. Тиймээс ажлын ярилцлагаас “яанаа” гэж айлгүй харин ч та өөрийгөө бүрэн илэрхийлэх сайхан боломж олдлоо гэж сэтгэл өөдрөг нүдээр хараад дараах зөвлөмжүүдийн дагуу бэлтгэл хийгээрэй. Ярилцлаганд ямар хувцастай очих вэ?

Аятайхан хувцаслах хэрэгтэй.

Жинс, футболка зэрэг нь таны ярилцагчид сайхан сэтгэгдэл төрүүлэхгүй. Албаны маягаар маш нямбай өнгө даруу хувцаслахыг хаа сайгүй зөвлөсөн байдаг. Харин сайхан хувцаслаж байна гээд бүжгийн даашинз, өндөр өсгийт өмсвөл хасах оноо авч магад. Мөн хувийн ариун цэвэртээ анхаарах нь ойлгомжтой. Нүүрээ хэт будах, содон үнэртэй ус зэргийг бас сайшаахгүй байх тал бий. Ярилцлаганд яаж хувцаслах нь чухам ямар ажлын байрны төлөөх ярилцлаганд оролцох гэж байгаагаас шалтгаална. Тухайн компани, байгууллагын ажилтнуудын хувцаслалтын талаар мэдсэн байхад гэмгүй. Залуусын гаргадаг том алдаа бол ярилцлаганд хувцсандаа анхаарч бэлдээд бусад чухал асуудлуудыг орхигдуулдаг. Тиймээс ярилцлагад орж байгаа хүмүүс хувцас, үс зүсэндээ л анхаарсан байдгаас бус өөрийнхөө үг хэл, санаа бодлоо анхаараагүй байдаг. Асуусан асуултад эмх замбараагүй цэгцгүй хариулдаг. Өөрийгөө баахан магтдаг, хуучин ажлаа муулдаг, асуулт ойлгодоггүй гэх мэт нийтлэг алдаанууд ажиглагддаг. Та ярилцлаганд орохоосоо өмнө юу ярихаа төлөвлөхгүй бол ярилцлага тэр болгон амжилттай болохгүй.
Ярилцлаганд орох байгууллагаа судалсан уу?
Ярилцлагад орохоосоо өмнө боломжийнхоо хэрээр тухайн байгууллагаа судалж бага ч гэсэн хэмжээний мэдээлэл авах нь зүйтэй. Та маш ухаалаг, зөв хариулт өгөхөд байгууллагын талаарх мэдээлэл ихээхэн тус хүргэнэ. Хэдийгээр мэдээлэл олох нь таниас хичээл зүтгэл шаардах боловч үүнийг хийхээс өөр аргагүй. Яг ямар төрлийн мэдээлэл танд шаардлагатай вэ гэвэл: байгууллагын зорилго, нэр хүнд, түүх, эрхэлдэг үйл ажиллагааны чиглэл, үйлдвэрлэдэг бүтээгдэхүүн, үзүүлдэг үйлчилгээ, үйлчлүүлэгч, хэрэглэгч, ажиллагсадын тоо, санхүүгийн чадвар, ашиг орлого гэсэн хүрээг хамарч байвал болно. Мэдээлэл илүүднэ гэж байдаггүй. Мэдээлэл хайх хамгийн хялбар арга бол интернетээр веб сайтыг үзэх. Хэрвээ веб сайтгүй бол Монголын мэдээллийн том веб сайтуудаар ороод хайлт хийж болно. Дараа нь сэтгүүл болон бусад мэдээллийн эх сурвалжуудыг ашиглахад илүүдэхгүй. Ялангуяа таны орохыг хүсч албан тушаал, хийх ажилтай холбоотой мэдээллүүдэд илүү анхаарна уу? Хэрвээ байгууллагынхаа талаар хангалттай мэдээлэл олж авах боломж олдохгүй байгаа тохиолдолд салбарын тухай мэдээлэл цуглуул. Салбарын мэдээлэл нь компанийг бас илэрхийлж чадна. Яг сургуулийн шалгалтанд ордог шигээ өөртөө итгэлтэй, асуух асуултанд бэлэн байх нь чухал. 

1. Таныг ямар асуулт хүлээж байгаа бол?
Мэдээж энэ маш чухал бэлтгэл байдаг. Таниас асууж болох нийтлэг асуултуудыг дараагийн зөвлөмжүүдээс уншаарай.

2. Ярилцлаганд хэзээ очих вэ?
Амьсгаагаа дарж бага зэрэг тайвшрах, үс зүсээ самнаж янзлах эсвэл бие засах газарт орох хугацаа хэрэгтэй. Бие сэтгэлийн хувьд тайван сууж орох гэж буй ярилцлагадаа анхаарлаа төвлөрүүлэх шаардлагатай. Иймд та ярилцлаганд 15 минутын өмнө ирж, нарийн бичигт нь өөрийгөө танилцуулж болох юм.

3. Ярилцлага хийх ямар орчин таныг угтах бол?
Энэ бас нэгэн тодорхойгүй нөхцөл юм. Иймд та болж өгвөл ярилцлага болохоос өмнө ирээд үзчихэд гэмгүй. Мөн хэн гэдэг, ямар албан тушаалтай, хэдэн хүн тантай ярилцах талаар бага зэрэг мэдээлэл олвол сайн. Энэ нь таны хүлээлтийг илүү бодит байдалтай ойртуулах тул таны сэтгэлзүйн бэлтгэлд чухал нөлөөтэй.

4. Юу авч очих вэ?
Та өөрийн CV, резюме зэрэг материалуудаас 2-3 хувь бэлтгэж очих хэрэгтэй. Мөн тэмдэглэлийн дэвтэр, үзэг, өөрийн хүрээнд хийсэн судалгаа, асуултанд хариулах талаар бэлдсэн материал зэрэг шаардлагатай зүйлсийг бэлтгэж очихоо мартваа.

5. Яаж ярилцах вэ?
Та яаж ярилцах талаараа бага ч болов цаг гарган өөртэйгээ юм уу, бусад хүнтэй жинхэнэ ярилцлагад орж байгаа мэтээр өөрийгөө төсөөлж ярилцлагын дадлага хийх нь чухал. Тамирчид л зөвхөн тэмцээнд ялахын тулд бэлтгэл, сургуулилт хийдэггүй. Чухал гэж бодсон зүйл болгонд бэлтгэл сургууль хийж болно. Дадлага хийснээр ярилцлагын үед сандралгүй байж өөртөө итгэлтэйгээр асуултанд хариулдаг. Ярилцлага хийж байгаа ажилтанд таны юу ярьж байгаа чухал ч, яаж ярьж байгаа нь бүр илүү чухал. Тантай ярилцаж байгаа ажилтан таныг энэ ажлыг үнэхээр сонирхож байна уу, сэтгэл зүйн хувьд ууртай, сандарсан, тайван байна уу гэдгийг мэдэхийн тулд таны ярианы хурд, дууны чанга, сулыг чинь ажиглана. Ярилцах дадлагыг ажлын ярилцлага хийдэг эсвэл энэ талаар туршлагатай хүнтэй хамт хийвэл маш сайн. Ярилцлагад орохынхоо өмнөх шөнө маш тайван байж гэртээ өнгөрүүлэх нь зүйтэй. Халуун усанд орж, ургамлын гаралтай цай ууж, хөнгөн хооллох нь таны биеийг хямраахгүй эрчтэй байхад чухал нөлөө үзүүлнэ. Унтахын өмнө хэт сэргээгч бодис орсон цай, ундаа уух нь шөнө амрахад саад болно. Архи, пиво мэтийг хэрэглэх талаар бодоод ч хэрэггүй. Болж өгвөл эртхэн унтах нь таны биеийг сайн амрааж хүний нүүрийг өнгөлөг цоглог болгодог. Өдөр нь юу ч бэлдээгүй хэрнээ гэнэт ухаан орсон мэт шөнөжин сууж ярилцлагад бэлтгэнэ гэдэг тийм ч зөв санаа биш. Өглөө эртхэн босоод явах бэлтгэлээ хийгээрэй. Өглөөний цайнд юу идэх нь хамаагүй зүйл биш шүү. Урьд идэж байгаагүй эсвэл бие хямраахаар хүнсний зүйл хэрэглээд дэмий. Гэрээсээ гараад болж өгвөл цэвэрхэн таксинд суугаарай. Олон хүнтэй нийтийн тээврийн хэрэгсэлээр явбал таныг бухимдуулах зүйл зөндөө тохиолдож болзошгүй. Тиймээс өөрийн эерэг эрч хүчээ хадгалахын тулд бусад хүнээс зайтай байх арга хэмжээ ав.
Ярилцлагын үед мөрдөх зөвлөмж
Ярилцлага нь олон үе шаттай явагддаг. Хэдэн үе шаттай байх вэ? гэдэг нь байгууллага бүрийн өөрийн онцлогыг тусгасан ажилтан сонгон шалгаруулж авах бодлогоос нь хамаарна. Практикт нийтлэг байдаг ярилцлагын дараах үе шатууд байдаг. Үүнд:
1. Ажилд тавигдсан шаардагуудыг хангасан эсэхийг тодруулах анхан шатны ярилцлага. Энэ ярилцлага нь тухайн ажилд тавигдсан ерөнхий шаардлагуудыг ажил горилогч бүрэн хангаж байгаа эсэхийг баталгаажуулах зорилготой. Ярилцлага нь нүүр нүүрээ харж уулзсан эсвэл телефон утсаар хийх хэлбэртэй байж болно. Энэ үе шатанд хүний нөөцийн албаны ажилтан ярилцлага хийдэг.

2. Тухайн ажлыг гүйцэтгэх мэргэжлийн ур чадварыг нарийвчлан тодорхойлох буюу сонголт хийх шатны ярилцлага. Энэ ярилцлага нь тавигдсан шаардлагуудыг хэр өндөр хэмжээнд хангаж байгааг тодорхойлох зорилготой. Өөрөөр хэлбэл шаардлагуудыг өндөр хэмжээнд хангасан ажил горилогчдыг шалгаруулна. Энэ үе шатанд хүний нөөцийн ажилтнаас гадна мэргэжлийн алба, нэгжийн менежер, удирдах албан тушаалын хүн ярилцлага хийнэ.

3. Эцсийн шийдвэр гаргах буюу ажил санал болгох шатны ярилцлага. Энэ ярилцлага нь эцсийн шийдвэр гаргаж ажил горилогчид ажил санал болгох зорилготой. Ажил горилогчтой ярилцах гол сэдэв нь цалин хөлс, хангамж байдаг. Энэ үе шатанд ямар ч албан тушаалын ажилтан ярилцлага хийж магадгүй бөгөөд ажилд авах эсэх талаар эцсийн шийдвэр гаргаж байгаа учраас ярилцлага хийх бүрэлдэхүүний тоо хэд ч байж болно.

4. Онцгой төрлийн ярилцлагууд. Зарим байгууллага нь сонгон шалгаруулалт хийх онцлогоосоо хамаараад олон ажил горилогчидтой зэрэг ярилцлага хийдэг. Энэ ярилцлага нь олон тооны ажил горилогчдоос нь хэн нь удирдах авъяас чадвар илүү байна вэ гэдгийг харьцуулан харах боломж олгодог. Хэрвээ таныг ярилцлагын өрөөнд ороход урдаас чинь олон тооны хүмүүс таньтай ярилцахаар сууж байвал гайхах хэрэггүй. Та бүлгийн ярилцлагад орж байна гэсэн үг. Энэ хэлбэрийн ажлын ярилцага нь хэнийг ажилд авах талаар эцсийн шийдвэр гаргахад илүү тохиромжтой байдаг. Энэ ярилцлагын туршид ярилцлага авч байгаа багийн гишүүн бүрээс танд асуулт ирэх бөгөөд анхаарлаа олон хүн дээр бус асуулт асууж буй хүн дээр төвлөрүүлэх хэрэгтэй. Таны хийх хамгийн чухал үйлдэл бол тайван байхыг хичээх. Сандрах нь хамгийн муу зүйл.
Ярилцлагын явцад таны анхаарах зүйлс
1. CV-ээсээ илүү байх 
Ярилцлагын үед таны зорилго бол боломжийнхоо хэрээр асуултанд зөв хариулах явдал юм. Ингэхийн тулд та өөрийгөө бэлдэх хэрэгтэй. CV-гээ амжилттай бичиж, өөрийнхөө давуу талуудаа тодорхойлсон учраас та сонгон шалгаруулалтын эхний шатанд тэнцжээ. Одоо та өөрийгөө цаасан дээр биш бусдын өмнө өөрийгөө нээн харуулах учраас CV-нийхээ хэмжээнд байх уу эсвэл бүр илүү гарч өөрийгөө илэрхийлэх үү гэдгээ бодох хэрэгтэй. Ярилцлага хийж буй ажилтан таны CV-г асуултын ерөнхий загвар болгох учраас өөрийнхөө CV дээр бичсэн мэдээллүүдээ сайн тогтоо. Бичсэн зүйлийнхээ талаар ярилцахад бэлэн байх хэрэгтэй. Асуусан асуултанд тийм, үгүй гэж хариулж болохоор байсан ч ийм маягаар хариулт өгдөггүй. Заавал тодорхой хэмжээгээр дэлгэрүүлж, болж өгвөл жишээтэй тайлбар хийвэл их сайн. Олон янзын ажил хийж байсан хүмүүс зарим ажлаа мартсан ч байж магадгүй. Гэхдээ та тэр ажлыг яагаад хийх болсон, тэр ажлаа яагаад орхиж байсан талаар тайлбар өгөхөд бэлэн байх ёстой.

2. Өөртөө итгэлтэй бай.
Та ярилцлагад ирэхдээ уг байгууллага, компаний тухай сонирхсон, бидний эрж байгаа ажилтан мөн байна гэхээр өөртөө итгэлтэй байгаарай. Золбоолог, итгэлтэй байдал тань олон хүн дотроос таныг сонгох гол үндэслэл болно. Мөн та олон талын мэдлэг, туршлагатай гэдгээ харуулах хэрэгтэй. Асуултанд оносон үгээр хариулахдаа өөрийн резюме дээр бичсэнээсээ зөрүүлэв ээ. Таны ярилцагч гартаа таны резюмег бариад сууж байгаа шүү.

3. Тайван байх:
Сандарч анхаарал төвлөрөхгүй тохиолдолд резюме дэх зүйлс байтугай овог нэрээ ч мартаж болзошгүй. Ярилцлагын өмнөх хэдэн минут бол цамц минь үрчийсэн юм биш биз? Тэгж асуувал би юу гэх билээ гэх зэргээр сэтгэл зовох үе биш. Харин анхаарлаа төвлөрүүлэх мөч гэдгийг санаарай.

4. Ярилцагчийн нүд рүү хар
.Энэ нь инээдтэй сонсогдож болох ч таны зорилгодоо хүрч санасан ажлынхаа суудлыг олж авахад тус болох юмны нэг. Хүний нүд рүү харж чадахгүй эргэд тойрондоо хараа шилжүүлээд байгаа хүнд итгэх хүн ховор.

5. Идэвх санаачилга гарга.
Ярилцлаганд орж байгаа тул маш их сандарч тэвдсэн байгаа нь дамжиггүй. Гэхдээ нэг талын асуулт, нөгөө талын хариулт гэсэн уур амьсгалыг эвдэж та сонирхсон асуултаа тавьж, харилцан ярилцах зэрэг санаачилгыг гартаа авч байвал зүгээр. Гэхдээ нэг их түрэмгий байна гэсэн үг биш 

6. Харилцааны явцад зөв боловсон үг хэллэг ашиглан ярь.
Хумсаа мэрэх, бохь зажлах, цаг руугаа харах, ширээ тогших гэх мэт анхаарал сарниулах хөдөлгөөн болон нүүрний хувирлаас татгалзан, цэх сууж, хянуур эелдэг байж, тод чанга дуугаар ярихгүй байхыг эрхэмлэ.

7. Асуултуудыг сайн сонс.
Хүмүүс тавьсан асуултыг өөрийнхөөрөө ташаа ойлгох хандлага байдаг. Мөн асуулт дуусахаас өмнө хариулж эхэлдэг нь буруу юм.

8. Таны ярианы агуулга дараах зүйлст төвлөрөх хэрэгтэй.
- Өөрийн гаргаж байсан амжилт, шинэлэг санааг голчлон ярьж энэхүү ажлын байранд орсноор яг ямар зүйлийг хийж байгууллагын ажилд хувь нэмэр оруулах боломжтойгоо тодорхойлуулах.
- Зарлагдсан ажлын байрны талаар маш тодорхой ойлголттой байж таны ур чадвар, туршлага, энэ ажлын байранд яагаад хэрэгтэй болохыг ойлгуулах.
- Ажилд авах үе шатын талаар асууж тодруулах.
- Компанийн дотоод зохион байгуулалт, бизнес соёл гэх мэт зүйлсийн талаар асуух.
- Хэн нэгэн ялангуяа өмнөх ажил олгогчийн талаар таагүй зүйл ярьж гомдоллож болохгүйг сана.
- Цалин хөлс, мөнгөний талаар асуухыг азна. Аливаа асуудалд өөрийн бус тухайн компанийн ашиг сонирхлын үүднээс хандах.
Ярилцлаганд ороход гардаг 6 алдаа
Тодорхой нэг сэдвээр ярилцахад өөртөө итгэлгүй байгаа үед доор дурдсан зүйлсийг анхаарч алдаа гаргахгүй байх хэрэгтэй.

1. Ярилцлагын үед сандарч тэвдэх
Ярилцлаганд орж байгаа ихэнх хүмүүс (нэр дэвшигч) зөвхөн асуулт хүлээдэг. Нэг хүн асуулт тавьж бусад нь хариулж байгаа үед ийм төрлийн ярилцлага болдог. Бизнес ярилцлага нь хоёр хүн хоорондоо харилцан асуулт тавьж ярилццаг. Ярилцлага авч байгаа хүнийг сэтгэл дундуур байлгахгүйн тулд нэр дэвшигч асуулт хүлээхгүй байх хэрэгтэй.

2. Өөрийн сул талаа сайн талаараа далдлах
Ярилцлага авч байгаа хүмүүс “Өөрийн сул талыг хэлээч” гэсэн асуултыг олон удаа асуудаг. Энэ асуултанд хариулахдаа “Би хангалттай боловсролтой хүн” гэж хэлээд өөрийн сайн талуудаа эргүүлэн ярилцах нь ярилцлагын үед хэвшил болсон байдаг. Ярилцлага авч байгаа хүн энэ мэт ижил хариултыг магадгүй хэдэн зуун удаа сонссон байдаг учир ямар нэг оноо өгөхгүй. Таниас ийм асуулт асуувал хариулах хамгийн оновчтой хэлбэр нь та энэ салбарт өөрийн ямар чадварыг хөгжүүлэх хүсэлтэй байдаг тухайгаа ярих хэрэгтэй. Ярилцлага авч байгаа хүн таны сул талыг биш харин асуултанд хэрхэн хариулж байна, өөрийгөө хэрхэн тодорхойлж байгаа зэргийг харж үнэлгээ өгөхийг хүсдэг.

3. Асуулт асуухад алдаа гаргах
Бүх л ярилцлага “Танд ямар нэг асуух зүйл байна уу” гэсэн асуултаар дуусдаг. Танд асуух асуулт байхгүй байх нь хамгийн муу. Ямар нэг асуулт бэлдээгүй, сонирхохгүй байх нь бас нэг муу үзүүлэлт юм. Ярилцлага авч байгаа хүн таны бэлдсэн асуулт зэргээр танд дүгнэлт өгдөг. Ямар нэг ярилцлагын өмнө та өөрийн асуух таван асуултыг бичиж бэлдэх хэрэгтэй.

4. Өөрийн талаар биш компаний болон судалгааны ажил ярих
Ажил хийж байгаа ихэнх хүмүүс өөрийн мэдлэг, дадал зуршил, туршлагын талаар өөрсдөө судалдаггүй, дийлэнхидээ өмнөх хийж байсан компанийхаа талаар ярьдаг. Таны туршлагын талаар асуултанд хариулахын тулд өөрийн авъяас, чадвараа тодорхойлох хэрэгтэй. Суурь мэдлэг, боловсрол, өөрийн чадварын талаар бэлтгэх нь чухал. Ярилцлагын үед өөрийн ямар нэг чадвар туршлагыг мартаж орхигдуулахгүй байхын тулд ингэж бэлтгэх нь чухал юм.

5. Гар утас асаалттай байх
Бид идэвхтэй нийгэмд амьдарч байгаа ч, ярилцлагын үед гар утас дуугарах нь сайн зүйл биш.Компани руу орохдоо гар утсаа унтраах хэрэгтэй.

6. Хариу хүлээх
Ярилцлагын дараа хариу хүлээх нь маш хэцүү байдаг. Чи талархалын захиа илгээснийхээ дараа ярилцагч бүрээ сайн ажигла.Тэгээдхэдэн өдрийн дараа нэг асуулт ч юмуу нэмэлт мэдээлэлтэйгээр дахин нэг холбогд. Өөрийн авъяас чадварын талаар, сүүлийн үеийн өрсөлдөгчийн гаргасан нийтлэлүүд болон үйлдвэрлэлийн хандлагын талаар дурьдаж болно.Таны зорилго хүн бүрт өөрийн чинь талаар сайхан бодол үлдээх болно.
Асуултуудын зөвлөмж
Та ямар ч ажилд орохоор хүссэн тухайн байгууллагын хүний нөөцийн менежер, захирал, ер нь хэн ч таниас ярилцлага авч магадгүй.Ийнхүү ярилцахдаа асуудаг нийтлэг асуултууд байдаг ба түүнд өгөх оновчтой товчхон хариултуудыг танд хүргэж байна.

1. Та өөрийнхөө тухай товч танилцуулахгүй юу?
Ажил олгогч таны хариултаас дараах зүйлийг анхааралтай ажиглана: -Таныг товч намтараа ярих нь уу, эсвэл өөрийн давуу тал, мэдлэг чадвараа ярих нь уу? -Ур чадвар, туршлага мэргэжил, хариуцлага зэрэг гол зүйлийг ярьж байна уу? -Товч ойлгомжтой байна уу?, Өөртөө хэр итгэлтэй хүн бэ? гэх мэт.

2. Бэрхшээлийг хэрхэн давж туулдаг, асуудалд хэрхэн ханддаг?
Энэ асуултанд та өөдрөг хариулт өгөх хэрэгтэй. Өөртөө итгэлтэй, тодорхой зорилготой, хариуцлага хүлээх чадвартай, багаар хамтран ажиллаж чадах хүн л тийм хариулт өгөх тул таньд +1 оноо л гэсэн үг.

3. Энэ ажил юугаараа таны сонирхлыг татаж байна вэ?
Нэртэй том компанид мэргэжлээрээ ажиллах нь нэр төрийн хэрэг. Ажилд орж, амжилт олохоор шийдсэн хүн өөрийг нь зохих ёсоор үнэлдэг байгууллагад чадварлаг хүмүүстэй хамт ажиллаж, сурч мэдсэн зүйлийнхээ үр өгөөжийг гаргах нь чухал юм гэсэн хариултыг өгөх хэрэгтэй.

4. Та яагаад манай байгууллагыг сонгосон бэ?
Ярилцлага хийж байгаа хүнд энэ асуудлын талаар та үнэхээр хянуур бодож үзсэн гэдгээ харуулах хэрэгтэй. Та CV-гээ зүгээр л ийш тийш нь тарааж байгаа биш харин яг орох хүсэлтэй байгаа газартаа хандаж байгаа бөгөөд тухайн байгууллагын зорилго амьдралын зарчимтай тань нийцсэн, хийж байгаа ажлынхаа төлөө сэтгэлээрээ ажиллаж чадах хэд хэдэн байгуулагыг сонгосон гэдгээ хэл.
5. Та ямар зорилготой вэ?
Хэтийн зорилгыг дурдахын оронд өөрийн дунд болон ойрын үеийн зорилгыг ярьсан нь дээр байдаг.Их холын ирээдүй бол тийм ч сонин биш шүү дээ.Жишээ: Миний хамгийн ойрын зорилго бол өсч хөгжиж байгаа компанид ажилд орох. Харин миний хэтийн зорилго уг орсон компани маань хэрхэн хөгжихөөс шалтгаална. Цаашдаа би өөрийгөө хөгжүүлж, өндөр хариуцлагатай албан тушаалд ажиллахын төлөө байгаа.
6. Та ажиллаж байх хугацаандаа хэзээ хамгийн сэтгэл ханамжтай байсан бэ
Ярилцлага хийж байгаа хүн таныг хэрхэн идэвхжүүлж болохыг мэдмээр байгаа. Боломжтой бол өөрийнхөө туршлагаас нэгийг хэлбэл их сайн.Ямар үед, ямар зүйл хийж байхдаа хамгийн сэтгэл хангалуун байсан бэ гэдгээс чинь таны юу хүсдэгийг тухайн хүн ойлгох болно. Жишээ: Би үйлчлүүлэгчидтэй шууд нүүр тулан уулзаж тэдний асуудлыг шийдэн, хэрэгцээг нь хангаж байхдаа хамгийн сэтгэл хангалуун байсан.
7. Та яагаад өөрийгөө энэ албан тушаалд тэнцэнэ гэж бодож байна?
Өөрийнхөө давуу талыг ичиж зоволгүй шууд хэлэх боломж. Энэ асуултанд давуу талаа зүгээр нэг дурдаад зогсохгүй сонсож байгаа хүний итгэлийг төртөл хариулж сурах хэрэгтэй. Хэрэв намтраа тоочсон эсвэл дорой хариулт өгөөд байвал ажилд орох магадлал багасна.

8. Яагаад бид таныг ажилд авах ёстой вэ?
Бас л өөрийгөө нээх сайхан боломж. Тухайн ажлыг хийхэд хамгийн хэрэгцээтэй байх чадварууд танд байгаа гэдгээ дурдаж, тодорхой жишээг татан баримттай ярих ёстой.

9. Таны сул талууд?
Ухаалаг хүн өөрийн сул талынхаа тухай урт жагсаалт уншихгүй нь ойлгомжтой. Ихэвчлэн ажилд ороход тустайг нь бодож “Намайг ажилдаа улайраад гэр орноо мартдаг гэж зэмлэдэг”, эсвэл “Би өөртөө болон бусдад хэт өндөр шаардлага тавьдаг” гэх мэт хариулт өгдөг. Энэ нь ч заримдаа зөв болж ярианы эвийг тааруулж эвгүй зүйлээс зугтдаг, өөртөө ашигтайгаар эргүүлж чаддаг хүн байна гэж бодогдуулдаг. Ер нь сул тал гэсэн асуулт нь хамгийн аймшигтай асуултанд тооцогддог. Энэ асуултанд хариулахдаа өөрийн сул талыг үнэнч шударгаар хэл. Дараа нь түүнийг хэрхэн хүчтэй талаараа нөхөж даван туулж чадахаа илүү дэлгэрэнгүй тайлбарлаарай. Хувь хүнийхээ мөн чанаруудыг хэлсний хэрэггүй. Харин өөрийн ажил хэрэгтэй холбоотой чадваруудаа тодорхой дэлгэх хэрэгтэй. Жишээ: Би харилцааны ур чадвар муутай. Гэхдээ үүнийгээ сайжруулах талаар байнга зүтгэл гаргадаг. Саяхан HumanFortis компаний харилцааны сургалтанд суусан. Энэ нь надад их тус болсон гэх мэт.

10. Та яагаад өмнөх ажлаасаа гарсан бэ?
Хэрүүл маргаан эсвэл өмнөх дарга, ажил онцгүй санагдаад, дампуураад гэх мэтээр муулж огт болохгүй. Харин ч ухаалаг хүн өмнөх ажлынхаа сайхан зүйлийг дурдаад, илүү сонирхолтой, өндөр цалинтай, мэдлэг чадвараа бүрэн ашиглах хүсэлдээ хөтлөгдөөд гарсан зэргээр эвтэйхэн хариулна. Ажилгүй байсан ч эерэг аргаар үүнийг илэрхийлэхийг бодоорой. Жишээ: Би 2 ч удаагийн цомхотголын ард үлдсэн. Гэвч хамгийн сүүлд байгууллага маань ажилчдынхаа 20%-ийг цомхотгож би түүнд нь багтсан. Хэрвээ одоо ажиллаж байгаа бол ирээдүйн ажлаасаа юу хүсч байгаагаа хэлээрэй. Жишээ: Би энэ байгууллагад 2 жил ажиллалаа. Харин одоо сайн баг, хамт олон бүрдүүлдэг компанид ажиллах шийдвэр гаргаад байна. Тийм байгууллагад ороод өөрийн хувь нэмрээ оруулахыг хүсэж байна. 11. Та яагаад ажлаа солихоор шийдсэн бэ? Ярилцлаганд орох үедээ өөр газар ажиллаж байгаа хүмүүст энэ асуултыг тавьдаг. 10-р асуулт шиг утгатай хариулт өгвөл зүгээр.

12. Ажилд орох өөр санал авсан уу?
Хэрэв байгаа бол өөр бусад саналуудын тухай дурдаад яагаад энэ л ажлыг илүү сонирхож буйгаа онцолбол ажилд орох магадлал тань өснө. “Ажил гэдэг чинь зөвхөн мөнгөний төлөө биш, бас таашаал авч байх ёстой шүү дээ. Тэгээд л энэ ажлыг сонгосон юм” гэх мэт

13. Бусад компаниудын ярилцлагад хэр амжилттай орсон бэ?
Энэ асуултаар тухайн компанид яагаад тэнцээгүйг мэдэхийг хүсдэг. Хэрэв та өрсөлдөгч компанийх нь талаар ихэд сонирхсон гэдгээ эвтэйхэн ойлгуулж чадвал өрсөлдөгч рүүгээ явуулахгүй байхыг хичээнэ.

14. Ачаалал нэлээд шаарддаг энэ ажилд таны хувийн амьдрал, ар гэр ямар байх вэ?
Энэ асуултыг голдуу эмэгтэйчүүдэд тавьдаг. Хүүхэд гаргахгүй, нөхөрт гарахгүй байх зэрэг хэцүү шаардлага тавьдаг. Тэдний тааллаар л хариулаарай. Гол нь худлаа ярьсны хэрэггүй.

15. Та 5 жилийн дараах амьдралаа хэрхэн төсөөлдөг вэ?
Идэвх санаачлагагүй, ирээдүйгээ төлөвлөх чадваргүй хүмүүс “Ёстой төсөөлж байсангүй, бодсонгүй” гэх мэтээр хариулдаг. Харин амжилтанд хүрэхийг зорьж байгаа хүн цаашид мэргэжлийнхээ ур чадварыг яаж өсгөх талаар төвөвлөж буйгаа ярих нь гарцаагүй юм.

16. Та манай ажилд орвол ямар өөрчлөлт хийх вэ?
Санаачилгатай, нөхцөл байдлыг мэдэрдэг, үнэхээр тухайн ажилд орох гэж зорин зарим нэг зүйлийг нь судалсан гэдгээ харуулж, хийх өөрчлөлтийнхөө тухай ярьвал сайн. Гэхдээ “Танай сурталчилгаа ойлгомжгүй, бүтээгдэхүүний давс шорвог, гадаад дизайн нь тааруу” гэх мэт онцгүй хариулт өгч болохгүй. Та хэрвээ нөхцөл байдлын талаар хангалттай мэдээлэлгүй байгаа бол мэдэмхийрч том дуугараад хэрэггүй.

17. Та манай байгууллагад ажилд орсноор юу хийж чадах вэ?
Өөрийхөө туршлагыг товчхон танилцуул. Жишээ: Банк санхүүгийн салбарт 5 жил ажиллалаа. Би байгууллагын мөнгийг хэрхэн хэмнэж болохыг сурсан. Танай байгууллагад энэ талаар өөрийн хувь нэмрээ оруулж чадна гэж бодож байна.

18. Таны чадварын талаар лавлаж асуух хүн бий юу?
Энэ тохиолдолд өмнө нь хамтран ажиллаж байсан хүмүүс эсвэл өмнөх удирдлагынхаа утас, хаяг, нэрийг шууд өгдөг байх ёстой. Ийм төрлийн мэдээллийг нуун дарагдуулах нь тухай хүний талаар ам сайтай хүн байдаггүй эсвэл туршлага муутай гэдгийг шууд бусаар баталдаг.

19. Та хэдий хэмжээний цалин авмаар байна?
(Хамгийн нийтлэг асуулт) Өөрийнхөө үнэ цэнийг мэддэгүй хүн бусдын зууш болдог гэдэг. Мэргэжлээ сайн мэддэг өөртөө итгэлтэй хүн үнэ цэнээ сайн мэддэг учир өндөр цалин авахаар төлөвлөсөн байдаг. Авах цалингийнхаа хэмжээг буулгаснаас өсгөсөн нь хавьгүй дээр. Хэрвээ ажил олгогч цалингийн интервалаа хэлбэл танд хялбар байх болно. Гэхдээ хэлэхгүй байж болно. Тиймээс та юу ч гэсэн ийм ажил дээр таны насны, тань шиг туршлагатай хүмүүс хэдийг авдаг вэ? гэдэг талаар мэдээлэлтэй байх хэрэгтэй. Мөн та өөрөө хэдийг авбал зүгээр, хэдээс доош дэмий гэдгийг сайн тогтоогоорой. Нэг боломжийн хариу бол “Бид ойлголцож чадах байх. Та бүхэн над шиг хүмүүст ямар цалин өгдөг вэ?” гэж хэлэх юм.

20. Бусад хүмүүс хийж чаддаггүй харин таны хамгийн сайн хийж чаддаг зүйл юу вэ?
Та бусдаас юугаар ялгаатай вэ? Туршлага, чадвар, зан чанаруудаа илэрхийлж товчхон тайлбарлах хэрэгтэй. Жишээ: Би IT-ийн талаар чадвар сайтай бөгөөд үйлчлүүлэгчтэй харилцахдаа сайн. Иймд би техник, технологийн талаар үйлчлүүлэгчид маш сайн тайлбарлаж өгч чадна.

21. Танай дарга таны талаар ямар тодорхойлолт өгөх бол?
Дарга нар тань таныг өмнө нь яаж магтаж байсныг нэрэлхэлгүйгээр хэлэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл өөр хүний үгээр өөрийгөө магтаж болно. Жишээ: Манай дарга намайг хамгийн сайн дизайнер гэдэг. Надад дарга маань итгэж, найддаг байсан. Миний хөгжилтэй занд тэр дуртай.

22. Та амьтан байсан бол ямар амьтан байх байсан бол?
Зарим ярилцлага дээр иймэрхүү сэтгэлзүйн асуулт асууж таны сэтгэх хурдыг шалгаж болно. Хэрвээ та бүжин туулай гэвэл дэндүү зөөлөн. Харин арслан гэж хариулбал дэндүү түрэмгий гэж төсөөлөгдөж магадгүй. Та ямар хүн гэж харагдмаар байгаагаа, тухайн байгуулагад ямар хүн хэрэгтэй байгаагаа харьцуулан бодож үзээрэй.
Ярилцлагын төгсгөлд мөрдөх зөвлөмж
Ярилцлага өндөрлөлөө. Та түүнд болон тэдэнд талархсанаа илэрхийлээд гарсан хэдий ч дараагийн өдөр нь түүний нэр дээр талархалын И-мэйл, эсвэл албан захидал (follow-up) явуулаарай. Энэ нь нэг талаар таны соёлыг харуулахын зэрэгцээ уг хүн таны нэрийг санаандаа хадгалж байх нэг түлхүүр юм. Ямар асуултанд бодож байснаасаа илүү сайн хариулснаа тэмдэглэж дараагийн шатны ярилцлаганд ямар асуултанд илүү сайн хариулахаа тэмдэглэх хэрэгтэй. Ярилцлагын үеэр тохиролцсон зүйлс байгаа бол тэмдэглэх нь бас чухал юм. Мөн дараагийн шатны ярилцлаганд танаас асууж ярилцсан зүйлсийг дахин лавлах магадлалтай. Иймд та асуусан асуултуудад ямар хариулт өгсөнөө ч сайн мэдэж байх нь чухал тул тэмдэглээд авахад илүүдэхгүй юм. Учир нь таны хариулт дахин нотлогдох ёстой бөгөөд ингэснээр ярилцлага авагч үнэн хариулт өгсөн эсэхийг шалгаж байгаа хэрэг юм. Хамгийн сүүлчийн ярилцлагын дараа та энэ ажилд ормооргүй санагдвал энэ талаар ажлын ярилцлага хийж буй ажилтанд хэлэлгүй тухайн ажлыг санал болготол нь хүлээж, сайн тунгаан бодох хугацаа өөртөө олгох хэрэгтэй. Ажил нь хүний амьдралд маш том орон зай эзэлдэг учраас чухал шийдвэрийг богино хугацаанд гаргах нь тийм ч сайн зүйл биш. Ажлын саналыг эргэцүүлэх дор хаяж 24 цаг хүсэх хэрэгтэй. Санал хүлээн авмагц зөвшөөрөх нь хожим харамсахад хүргэж болзошгүй бөгөөд санал нийлэхгүй зүйлс ч байх магадлалтай. Тэр үед хожимдсон байх вий. Ажлын саналыг зөвшөөрч хүлээн авахаас өмнө гэр бүл найз нөхөдтэй зөвлөхөө мартуузай.
start=-36 , cViewSize=50 , cPageCount=1

12 сэтгэгдэл:

null
orgil (зочин)

bayarlalaa uneheer heregtei zuil bn

Чанцалдаарий (зочин)

маш их баярлалаа би маргааш багшлах ярилцлаганд орох гэж байгаа юм үнэхээр хэрэгтэй юм байна шүү маргааш яах бол гэдэг сонин байна хэрэв тэнцвэл би дахин орж ирж талархал илэрхийлэх болноооооо
миний төлөө залбираарай

BTS (зочин)

БАЯРЛАЛАА ХЭРЭГТЭЙ ЗҮЙЛ БАЙЛАА.

зочин (зочин)

баяраллаа би маргааш амжилттай ярилцлаганд ороод ажлын байртхй болсон байна. Амалж байна.

Purewdulam (зочин)

Баярлалаа.Маш их том зөвлөгөө болж чадлаа.Дахин баярлалаа.

muugii (зочин)

баярлалаа.маргааш би ажлын ярилцлаганд орно амжилт хүсээрэй би чаднаа амжилт

zochin (зочин)

thank you mash ih tom zublugu baina

xtxmxkx (зочин)

bayrlalaa uneheer heregtei medeelel bna

baagii (зочин)

bi margaash yriltslagatai uneheer heregtei medeelel bn haraahan ajil oroogui bgaa humuustee amjilt husii

Зочин

МАШ ТОМ АЖИЛТ ХҮСЬЕ. БАЯРЛАЛАА

okuna (зочин)

баярлалаа. миний хувьд анкетаа өгөөд л сууж байна дуудна гэдэгт итгэлтэй байна хэрэндээ сайн бэлдэж байнаа амжилт.

Yesunerdene (зочин)

Чухал зүйлсийг анхааруулж хэлж өгч зөвлөсөнд баярлалаа.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


Файсбүүк хуудас /Үнэгүй файлууд/

Манай блогын нийт хандалт